Friday, January 4, 2013

Халх



ХАЛХ
Монголын хүн амын үндсэн хэсэг, зонхилох ястан нь халхчууд болно. Халхчуудын өвөг дээдэс нь 8-12-р зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан.
  13-р зууны эхээр монголын нэгдсэн тулгуур төр улс байгуулагдахад гол мөхлөг /цөм/ болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн язгуурын Монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон “Хамаг Монгол улс”-ын хойч үеийн удам угсаа, монголын эзэнт гүрний “Голын улс”-ын зонхилох мянган, Юан улсын үеийн “Хар хорум” мужийн үндсэн хүн ам Их хааны ширээ залгамжлах хунтайжийн гол эзэмшил, 14-р зууны хагасааас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, түүх шастирт “Монгол орны төв болсон халх орон”, “Аглагийн арван хоёр хүрээ халх”, “Арван хоёр халх”, “Алтан хоёр отог халх” хэмээн алдаршжээ.
  Халхчууд монголчуудын төв, өмөг түшиг “хайгуул халх” гэгдэж байсан учир халхавч бамбай гэсэг утгатай “Халх” хэмээх нэрийг олсон гэдэг. Энэ тухай түүхийн сурвалж бичигт /Батмөнх Даян хааны харьяат Зургаан түмэн монголын магтаалд/: “Хангай хаанд нутаглан сууж
                    Харь дайсанд чину Халх болсон
                    Халуун аминд чину түшээ болсон
                    Ирэх үзүүр Харахын харуул болсон
                    Халх түмэн чину тэр бүхий бэ ажаамуу” гэж гардаг.
Үүнээс үзвэл, Халхын язгуурын эх орон нь Монголын төв нутаг байсан байна. Ийнхүү 14-р зууны 2-р хагасаас 16-р зууны үед халх ястан бүрэлдэн тогтсоны дээр түүний үүсгэл болсон 12 овог байснаас умард талаар нь Ар долоон отог, өмнөдөөр нь өвөр таван отог халх нутагладаг байв.
   Үүнээс арын 7 отог, Жалайр, Бэсүд, Илжигэн /этчигин/, Горлос /хорлос/, Хүхүйл, Хатагин, Урианхай зэрэг халх түмний хуучин 3 отогоос гадна 16-р зуунаас хойш түүхийн янз бүрийн шадтгаанаар тус газар нутаг сэлгэн суурьшин халхжсан Тангад, Сартуул, Хэргүүд /хэгэрид/ болон Үнэгэд, Хүрээ хороо, цоохор зэрэг хожим шинээр бий болсон отгууд оролцож байв.
   Нөгөөх өврийн 5 отогт халх гэдэг нь Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжрээд /үжээд/ нар болно. Үүнээс Баарин, Хонгирад, Баяд нь 12-13-р зууны үеийн язгуурын монгол аймгуудаас гаралтай юм.
    16-р зууны 2-р хагасааас монгол оронд феодалын бутрал нэн хүчтэй болж, эсгий туургатныг нэгэн хааны эрх захиргаанд нэгтгэн бөөгнөрүүлж байсан улс төрийн чиглэлийн эрх суларч, төвөөсөө хязгаар руу тэмүүлэх хандлага ихэсчээ.
   Үүний нэгэн тод жишээ нь Даян хааны дараах үеэс зүүн монголын нэгдмэл байдал алдран, феодалын жижиг жижиг эзэмшил бий болсон явдал юм.
   Батмөнх Даян хаан хөвгүүддээ хувь өмч олгоход 5-р хүү Алчиболд, 11-р хөвгүүн Гэрсэнз нарт Халх түмнийг хуваан өгснөөр 12 отог халх нь “Өвөр таван отог халх”, “Ар долоон отог халх” гэсэн ялгавартай болсон. Үүнээс Өврийн таван отог нь Алчиболдын хүү Хургас, Хасар ноёны хөвгүүдийн эзэмшил болсон байна.
                     
ХАЛХ нь анх 14-р зууны 2-р хагас 15-р зууны эхэнд Батмөнх даян хаан Монголын төрийг барьж байх үед зүүн монголын зургаан түмний нэгийг Халх түмэн гэж тэмдэглэсэн байх бөгөөд мөн тэр үед Халхыг “ Аглагын арван хоёр хүрээ халх “, “Арван хоёр отог халх “ ч гэж нэрэлдэг байсан ажээ. Батмөнхийн үед халх түмэн нь цахар, урианхантай нийлэн зүүн гурван түмэн гэгдэж их хаанд захирагддаг байжээ. Юан улс мөхсөний дараа монголчууд уугуул нутагтаа эгэн ирж төр улсаа сэргээн байгуулж “ ХАЛХ” гэгдэх болсон, хоёрт, Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз, хаан эцгийн гал голомт нутаг, улсыг өвлөхөд Халх түмэн  гол мөхлөг нь болсон, гуравт, Халх түмэн нь тэр үеийн нийгэм улс төрийн үйл явдалд голлох байр суурь эзэлж байснаас “ Халх”, “Халхавч”, “Халх түшиг”, “Харуул халх”, хэмээсэн нэрийтгэл нэртэй болсон гэж үзэж болох буюу. Халх ястан бүрэлдэн тогтсон цаг хугацааны талаар нарийн судалгаа хийсэн түүхч, доктор Д. Гонгор “ Гэрсэнзийн үеэс Халх ястан бүрэлдэн тогтсоны гол гол шинж тэмдэг товойтол үзэгдэх болсон нь юуны өмнө түүх судрын хуудсанд “ Халх орон” ,”Халх хүмүүс” баттай тэмдэглэгдэх болоод улмаар нийт монгол хэлэнд халхын өвөрмөц аялгуу бүрэлдэн тогтож халхын ёс заншил , хэв хууль “ Халх журам” буй болж хэлбэржин тогтворжсон зэргийг цохон тэмдэглүүштэй гэж” , Халх ястны бүрэлдэн тогтсоныг XVI зууны хоёрдугаар хагас буюу 1750-иад оны үед хамруулан үзсэн байна. Халх ястны угсаатны нэгдэл бүрэлдэх үйл явцын эх нь Гэрсэнзийн (1513-1549) үетэй салшгүй холбоотойг доктор Д. Гонгор сурвалжийн баримтаар нотолсон бөгөөд бидний бодлоор XVI зууны хоёрдугаар хагас гэхэд үүссэн зөвхөн эхлэл нь байсан гэлтэй. Учир нь 1549 онд Гэрсэнз бий барсны дараа түүний их хатан Хатунгай: ууган хөвгүүн Ашихаид Үнэгэд, Жалайр, дэд хөвгүүн Ноёнтойд Бэсүд, Элжгин , гуравдугаар хөвгүүн Онохуйд Горлос, Хэргүүд, дөрөвдүгээр хөвгүүн Амин-Дуралд хүрээ хороо, Цоохор, тавдугаар хөвгүүн Дарьд хүхүид, Хатагин, зургадугаар хөвгүүн Далданд Тангуд, Сартуул, долдугаар хөвгүүн Саму-Бумад ганц урианхан отгийг өмчлүүлэн хувиарласнаас халх долоон хошууны үүсгэвэр тавигдсан билээ

 

1 comment: